Ерөнхий мэдээлэл
Япон улс нь тэнгис далайгаар хүрээлэгдсэн чийглэг уур амьсгалтай арлын орон бөгөөд үзэсгэлэнтэй сайхан байгаль,түүх дурсгалт олон сайхан газар орон,гол нуур,далай тэнгисийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс зочин гийчин, жуулчдын хөл тасардаггүй билээ.
Япончууд улсаа “Ниппон”, “Нихон” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь “Нарны Үндэс” хэмээх утгатай юм. Япон нь автомашин, цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ дэлхийд 3-рт ордог орон бөгөөд патент эзэмшигчдийн тоогоороо хамгийн шинийг санаачлагч оронд тооцогддог билээ.
Япон нь далайгаар хүрээлэгдсэн арлын улс бөгөөд нийт нутаг нь 6800 арлаас бүрэлддэг юм. Газар нутгийн 75% нь уулархаг бүс нутаг эзэлдэг ба үзэсгэлэнт байгальтай, дулаан уур амьсгалтай орон.
Ерөнхийдөө дөрвөн том арлаас тогтдог бөгөөд орон нутгийн хувиарлалтын хувьд 7 бүс нутаг, засаг захиргаа нь 47 мужид хуваагдана. Үүнийг Япон хэлээр Тодоофүкэн гэдэг. Нийт газар нутгийн хэмжээ нь 378000 км кв бөгөөд арлын урт нь 2500км юм.
Эдийн засаг
Япон улс үйлдвэрлэлийн салбарт хамгийн хүчирхэг улс хэдий ч байгалийн нөөц баялаг багатай. Японы компаниуд нийтээрээ гадаадаас түүхий эд авч, түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, дотоод, гадаадад борлуулж худалдаалдаг. Япончуудын дэлхийд тэргүүлдэг робот техникийн салбарыг алсдаа эдийн засгийн өсөлтийг хангах хамгийн ирээдүйтэй салбар хэмээн тооцож байгаа билээ.
Хөдөө аж ахуй
Японы хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн нь цагаан будаа бөгөөд үүнийгээ хүнсэндээ хэрэглэдэг. Япон улс хүн амынхаа тоотой харьцуулахад тариалангийн талбай багатай учраас ард түмнийг бүхэлд нь хангаж чадахуйц улаан буудай, буурцагт ургамал болон бусад ногоо тариалах боломжгүй.Гэхдээ далайн гаралтай хүнсний нөөц элбэгтэй. Хоол хүнсэнд нь загас болон далайн гаралтай бүтээгдэхүүн ихээхэн чухал байр эзэлдэг тул загас олборлолтын салбар маш идэвхтэй хөгжсөн байдаг.
Зам тээвэр
Улс орны өнцөг булан бүрийг засмал, төмөр замын сүлжээгээр холбосноос гадна агаарын болон далайн тээврийн үйлчилгээ нь нэн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Шинкансэн буюу суман галт тэрэг дээд тал нь цагт 250-300 километр хурдалдаг. Ноцтой осол хэзээ ч гарч байгаагүй тул Шинкансэнийг дэлхийн хамгийн аюул осолгүй хурдан галт тэрэг гэж тооцдог аж.
Шинкансэнээс гадна Япон улсад зорчигч тээврийн ердийн галт тэрэг үйлчилэхээс гадна томоохон хотууд нь метротой. Олон зуун километр үргэлжилсэн арав гаруй шугамтай Токио хотын метрог дэлхийн шилдэгүүдийн нэг хэмээн тооцдог бөгөөд одоо ч өргөжин тэлсээр байна.Японы бүх төрлийн галт тэрэг цэвэр цэмцгэр байдал, цаг сайн баримталдгаараа алдартай.
Япон улсын онцлог
Нийт хүн ам нь 126 сая 163мянга 576 /2015оны байдлаар/.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтаар дэлхийд нэгт ордог. Эрэгтэй 80.1,эмэгтэй 87.2.дэлхийд 5-т, дотоодын нийт бүтээгдэхүүн үзүүлэлтээр дэлхийд 2-т, хүн амын тоогоор дэлхийд 10-т ордог.Нэг жилд Японд ирж буй гадаад жуулчдын тоо 14725 бөгөөд хамгийн их очдог хот нь нийслэл Токио, 2-рт Оосака,3-рт Киото,4-рт Канагава гэх мэтээр гадаадын хүмүүсийн сонирхол татах газар олонтой..Жилд ирж буй жуулчдын ихэнх хэсгийг Хятад,Солонгос Тайван улсын иргэд эзэлдэг.
Ажил эрхлэлт
Нийт ард түмнийг хамарсан даатгал, тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлсэн 1960-1970 он хүртэл ажилгүйдлийн түвшин 1 хувьд хүрсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд гэвэл, “Насаар нь ажиллуулах”, “Ажилласан жилээр тооцох цалингийн тогтолцоо”, Компани бус хөдөлмөрийн нийгэмлэг” гэсэн уламжлалт тотолцоо түгээн дэлгэрүүлэн хэрэгжиж буй билээ.
Нийгмийн хамгаалал
Японы муж, орон нутгийн онцлог, амьжиргааны өртөг, түвшин зэргээс хамаарч тэтгэмжийн хэмжээ нь ялгавартай байдаг байна. Төрийн халамжийг ихэнхи тохиолдолд мөнгөөр олгох бөгөөд цөөн тохиолдолд, зайлшгүй шаардлагтай нөхцөлд эм, эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Японы нийт хүн амын 0,97% нь төрийн халамж хүртдэг ба ихэнхи хэсгийг өндөр настанууд эзэлдэг ажээ. Тэдний тоо жилээс жилд өсөж байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагтай байна. Өндөр настанууд төрийн халамж хүсэгчдийн 44,5% -ийг эзэлдэг бол өвчтэй болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд 40,4% -ийг эзэлдэг байна. Нийт төрийн халамж хүртсэн гэр бүлийн 90орчим хувийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхүүд эзлэдэг байна.
Хүүхдийн тэтгэмж
Хүүхдийн тэтгэмжийг ердийн ба тусгай гэж 2 ангилан олгодог. Ердийн тэтгэмжийг бага орлогтой өрхөд олгодог бол тусгай тэтгэмжийг өрхийн орлогын хэмжээ харьцангуй өндөр боловч хувийн компанид ажил хийдэг хүмүүс, төрийн албан хаагч нарт олгодог.
Боловсрол
Хичээлийн шинэ жил ерөнхийдөө 4-р сард эхэлдэг. Түүнээс үүдэн ихэнхи шалгалт нь 4-рсарын элсэлтэнд зориулж явагддаг.
Япон улсын сургуулийн боловсрол нь цэцэрлэгээс эхлэн,бага анги 6 жил,дунд анги 3 жил, ахлах анги 3жил гэсэн тогтолцоотой.Ахлах ангиа төгссөн сурагч их дээд сургуульд дэвшин суралцана.Энгийн их дээд сургууль нь 4 жил,богино хугацааны их дээд сургуулийн хувьд 2 жилийн хугацаатай байдаг. Аль аль нь улсын сургууль,орон нутгийн сургууль,хувийн сургууль гэж хуваагддаг ба ихэнхи нь хувийн сургууль байдаг.Сүүлийн үед Японы ахлах анги төгсөгчдийн бараг тал хувь нь их дээд сургууль, богино хугацааны их дээд сургуульд суралцаж байна.
Батлан хамгаалах
АНУ нь1951 онд Японтой гэрээ байгуулж, тус улсын Рюкю арал дээр цэргийн баазаа байгуулснаар өнөөг хүртэл идэвхитэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэргэцээ япончууд холбоотны хувиар «Өөрийгөө батлан хамгаалах» нэртэй Зэвсэгт хүчин байгуулсан юм.
Японы өөрийгөө хамгаалах хүчин /Жи эй тай/
Энэ нь дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Америкт эзлэгдсэн Японы нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдсан Японы зэвсэгт хүчин юм. Дайны дараах ихэнх хугацаанд энэхүү хүчнийг Японы арлаас гадагш гаргахыг зөвшөөрдөггүй байсан боловч сүүлийн жилүүдэд энэ хүчнийг олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулдаг болсон.
Анагаах ухаан
Японы эмнэлгийн байгууллагад ажиллах эмч ажилтануудын тоо судалгаа явуулсан 1954 оноос хойш нэмэгдэх хандлагатай болж 2012 оны байдлаар өмнөх судалгаатай харьцуулбал 2.8 хувиар өсчээ.
Хор нөлөө багатай эмчилгээ
Япон улсын анагаах, эмчилгээ нь бусад улс оронд байхгүй олон онцлог бий.Түүний нэг нь өндөр зэрэглэлийн технологи бүхий, өвчтний биед үүсэх эмчилгээний хор нөлөөг багасгах гэсэн 「Бага хор нөлөө 」 гэсэн бодлого баримтлан эрчимжүүлэн хэрэгжүүлж байна.
Жишээлбэл ходоодны уян дурангаар хоол боловсруулах эрхтэнд хийх мэс засал нь биед үзүүлэх сөрөг нөлөө маш бага учир эмчилгээний дараах өвдөлтийг багасган эдгэрэлтийг хурдасгаж чадна. Мөн Катетэлээр хийх судсан дахь эмчилгээ, тархи болон зүрхний мэс засал,Cyber khife бичил цацраг зэргийг хэрэглэх туяа эмчилгээ нь мөн адил хор нөлөө багатай эмчилгээний арга зүй гэж үзэн өдөр тутам хэрэглэгдэж байгаа.
Мөн бүх ард түмнийг даатгалд хамруулж,тогтмол үзлэг явуулж өвчнийг эрт илрүүлэн эмчилж чадаж байна. Мөн эмч,сувилагч,физик эмчилгээний мэргэжилтэн,эм зүйч, хоол тэжээлийн мэргэжилтэнүүд нь нэг баг болон нийтэд нь ерөнхий эмчилгээнд багаараа үйл ажилгаагаа явуулж байна.
Япон улсын ерөнхий анагаах нь өндөр чанартай технологи болон эмчилгээний зорилгтоо чин сэтгэлээсээ дайчлан зүтгэж байгаа.
Ахмад настан асрах үйлчилгээ
40 наснаас хойш халамжийн даатгалын шимтгэл төлж эхэлдэг. Энэ нь эргээд тухайн хүн өндөр натай болж, асаргаа сувилгаа шаардлагатай болохын цагт, хэрэв асаргаа шаардлагатай гэж үзвэл,улсын асрах газарт амьдран асаргаа үйлчилгээ хүртэх болно.
Япон улстай холбоотой содон мэдээлэл
Баяр ёслол
Японы зарим тэмдэглэлт өдрүүд, арга хэмжээ
1 дүгээр сар
1-ний өдөр Шинэ оны баяр
Шинэ он угтах баяр Япончуудын хувьд чухал өдөр бөгөөд ихэнх хүмүүс сүмд очиж мөргөл хийнэ. Олон дэлгүүр хоршоо, музей, үзвэр үйлчилгээний газар хаалттай байх тул жуулчдын хувьд гадуур явах боломж муу болдог ч сүмд очиж Япончуудын шинэ оны баярыг хамт тэмдэглэж болно. Шинэ оны эхний өдрүүдэд томоохон дэлгүүрүүд хямдрал зарладаг тул наймаа хийхэд тохиромжтой мөн сонирхолтой байх болно.
1-р сарын хоёр дахь Даваа гариг
Насанд хүрэгсдийн баяр
Энэ өдөр үндэсний баярын өдөр бөгөөд 20 нас хүрч байгаа залуусын насанд хүрснийг тэмдэглэдэг баяр юм. Хүмүүс энэ өдөр үндэсний хувцсаа өмсөн сүмд очиж мөргөцгөөдөг.
1 сарын 15
Нум сумын тэмцээн
Тошия Кёотод Санжүсангэндо сүмд Японы уламжлалт нум сумын тэмцээн болдог бөгөөд Японы аймаг муж бүрээс ирсэн харваачид хүч мэргэнээ сорих том баяр болдог байна.
Хоёрдугаар сар
2 сарын эхний Бямба, Ням гариг
Хясааны баяр
Хирошима, Мацүшима хясаагаараа алдартай бөгөөд 2 дугаар сарын энэ үед хясаа хамгийн амттай гэж үздэг байна. Энэ өдрүүдэд хясааны баяраар хясаагаар хийсэн төрөл бүрийн хоолыг амталж, үнэгүй хясаа авч, идэж болно.
2 сарын 3 ба 4
Сэцүбүн Шош Шидэх Баяр
Японы гол том сүмүүдээр сэцүбүний баяр хийнэ. Дорнын сарны хөдөлгөөнд үндэслэсэн хуанлийн дагуу энэ өдөр өвлийн сүүл өдрүүд бөгөөд хүмүүс шош шидэх уламжлалт баярт оролцог. Шош шидэх нь чөтгөрийг зайлуулж хөөж байгааг билэгддэг бөгөөд “Муу муухай арилж сайн сайхан ирэг” гэж чанга хэлцгээнэ.
2 сарын эхээр
Цасны баяр
Саппорогийн Одори өргөн чөлөөнд долоо хоногийн туршид Саппорогийн алдарт цасны баяр болох бөгөөд мөсөөр хийсэн гайхамшигт урлангуудыг үзэж сонирхох боломжтой юм. Дэлхийн олон орны урлан бүтээгчид мөсөн баримлаар өрсөлддөг байна.
3 дугаар сарын 3
Хинамацүри Хүүхэлдэйн баяр
Япон даяар Хүүхэлдэйн баяр хийх бөгөөд энэ нь охидын сайн сайхан ирээдүйг хүсэн ерөөж хийдэг баяр юм. Олон нийтийн газар төдийгүй айлуудад гэртээ эртний уламжлалт хувцастай хаан, хатан зэрэг хүүхэлдэйнүүдтай тавцанг харж болно. Хүүхэлдэй хүүхдийн муу муухайг зүйлийг өөртөө шингээн авдаг гэж итгэдэг бөгөөд баяр дуусахаар хүүхэлдэйг далайд тавьж урсгах буюу сүмд аваачиж шатаадаг байна.
3 сарын 20 эсвэл 21
Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр
Энэ өдөр улсын хэмжээнд амралтын өдөр юм. Долоо хоногийн туршид хүмүүс Буддын сүм явж талийгаачдын хойноос мөргөл залбирал үйлддэг байна.
3-аас 5-р сар
Сакүра Мацүри
Сакүра 3 дугаар сарын сүүлээс Кюүшү, Шикокүгээс эхлэн 4 дүгээр сард Хоншү, 5 сарын эхээр Хоккайдод цэцэглэж эхэлдэг бөгөөд энэ үеэр сакүра мацүри газар бүр болж, хүмүүс сакүра модны цэцэг үзэхээр ирцгээдэг.
Дөрөвдүгээр сар
4 сарын 8
Бурхан багшийн төрсөн өдөр буюу Хана Мацүри
Япон даяар энэ өдөр цэцгийн баяр хийх бөгөөд Буддын сүмд ёслол болно.
4 сарын 29-5 сарын 5
Алтан долоо хоног буюу Япон даяар амралтын долоо хоног үргэлжлэх бөгөөд гэр бүлээрээ болон найз нөхдөөрөө аялах хүмүүсийн тоо эрс ихсдэг үе.
5 сарын 6
Хүүхдийн өдөр
Бүх хүүхдүүд ялангуяа хөвгүүдийн баяр юм.
Энд тэндгүй хөвгүүдийн хүч чадал хийморийг билэгдсэн өнгө өнгийн загасан туг хийсгэсэн байхыг харж болно.
7 дугаар сарын 7
Танабата буюу Одны баяр
Орихимэ болон Хикобоши гэх дурлалт хоёр од жилийн зөвхөн энэ өдөр л уулзах боломжтой байдаг тухай домгийг үндэслэн тэмдэглэдэг баяр юм. Нутаг нутгаас хамаарч энэ баярыг өөр өөрийн онцлогтой тэмдэглэдэг ч нийтлэг зүйл нь өнгө өнгийн цаасан дээр хүслээ бичсэн хүүхдүүдийн цаасыг өлгөсөн хулс мод хаа сайгүй байна.
8-р сарын дунд үе
Обоны Баяр
Энэ өдөр Буддын шашны дагуу талийгаачдын сүнс энэ дэлхийг эргэж тойрдог гэж үздэг бөгөөд олон Япончууд гэр бүлийн нас барсан гишүүдийн булшийг эргэж тойрдог. Японы нутаг нутгаас хамаарч долоодугаар болон наймдугаар сарын дунд үе байна.
8 сарын 11-13
Танабата Баяр
Сэндайд Одны баяр бусад нутгийг бодоход нэг сарын хойно болдог. Улсын хамгийн том баярын нэг юм.
12 сарын 31-ны шөнө ихэнх Япончууд сүмд очиж мөргөж, шинэ оноо угтдаг уламжлалтай. Шөнө дунд сүмүүд хуучин оныг үдэж шинэ оныг угтаж байгааг тэмдэглэж хонхоо 108 удаа дуугарана. Энэ үеэр сүмд очвол шинэ оныг өвөрмөц байдлаар угтах боломжтой.